Үрсэлгээг мандалд шилжүүлэн суулгах.

Сайн чанарын шилбэ бүдүүнтэй үрслэгийг ил хөрс, мандалд суулгахад хорогдол багатай байдаг.
Ил талбай болон мандалд суулгах үрсэлгээг нэг өдрийн өмнө усална. Хайрцагнаас үрсэлгээг авахдаа үндэсийг гэмтээхээс хамгаалж, шорооны хамт зүсэж авна. Үрсэлгээг авах, зөөх, тээвэрлэх, суулгах ажлыг зөв хийх явдал олон талын ач холбогдолтой. Үүнд:
1. Үрсэлгээг ил талбай, мандалд бүрхэг өдөр суулгавал амархан сэргэнэ.
2. Гэнэтийн цочир хүйтрэлт болохооргүй байх хугацааг олж гаргах хэрэгтэй.
3. Үрсэлгээг авах, зөөх явцдаа үндсийг нь гэмтээхгүй байхыг анхаараарай.
4. Хэт гүн буюу гүехэн суулгаж болохгүй.
5. Үрсэлгээгсуулгаад дараа нь усална.
6. Үрсэлгээг суулгаснаас хойш үзлэг хийж 3-5 хоногт багтаан нөхөн тарилтыг хийнэ.
Суналтгүй үрсэлгээг бойжуулах нь хамгийн чухал шүү. Хэрвээ үрсэлгээ давжаа байх юм бол нэмэлт арчилгааг сайн хийх хэрэгтэй. Үрсэлгээ ургуулах арга, технологийг сайн баримталж чадвал эрүүл сайн ургамал ургуулж, тод өнгөтэй, үзэмж сайтай цэцэг ургуулахаас гадна, ирэх жил тарих үрийг хураан авах болно.

Чимэглэлийн нэг наст цэцэг тарих арга.

Гадна, хашаандаа мандлын нэг наст цэцэг ургамал анх тарьж ургуулж эхэлж байгаа хүмүүст хэрэг болж магадгүй гэсэн үүднээс мандлын цэцэг хэрхэн тарих талаар бичлэг оруулж байна.
         Цэцэг тарьж ургуулах гэдэг нь өнгө үзэмжтэй төдийгүй эрүүл ахуйд онцгой чухал юм. Тоос шороо ихтэй , утаа униартай газар, алаг цэцэгс, ногоон ургамлын үүрэг их байдаг. Иймээс ногоон ургамлыг байгалийн жинхэнэ фабрик- ногоон уушиг гэж нэрлэдэг.
Өөрийн амьдарч буй орчноо цэцэрлэгжүүлэх, арчлан ха мгаалах талаар хүн бүр тодорхой зөв, үндсэн мэдлэгтэй байж, түүнийгээ өөрсдөө гардан хийж, зохих журмын дагуу чанартай гүйцэтгэснээр бид бүхний орчноо чимж тохижуулах, мөн өөрсдийнхөө эрүүл мэндэд хийх хөрөнгө оруулалт маань бодитой үр дүнд хүрнэ гэж боддог.
        ҮР. Тариалалтанд зориулж буй бүх материалыг үр гэнэ. Үр нь тухайн ургамлын удмыг залгуулагч болохын хувьд түүний бүхий л шинжийг өөрөөрөө дамжуулан удамшуулах үүрэгтэй "бага хэмжээний, дүрс хувирсан ургамал" юм. Нас гүйцсэн ургамалд явагдаж байдаг бүх эд эрхтнүүд, үрэнд байдаг бөгөөд , ургамлын амьдралын бүх процесс, үйл ажиллагаа үрийн дотор явагдаж байдаг. Аливаа ургамлын үрүүд нь хэмжээ, хэлбэр, жингээрээ ялгаатай байдаг.Чимэглэлийн нэг наст үрний хэмжээ ихэвчлэн жижиг байдаг. Том үрийг хөрсний чийгтэй хэсэгт гүн тарьж болох ч жижиг үрээр тарилт хийхдээ талбайг сайтар тэгшилж, үр суулгах гүнийг нарийн тохируулна. Эсвэл ил цацаад элсээр маш нимгэн цацах маягаар хучиж болно. Үрийг хуурай, сэрүүн, харанхуй газар хадгална. Хэт дулаан, чийгтэй орчинд хадгалсан үр соёолох чадвараа алдана.
     СОЁОЛОЛТ. Үр ургаж, үндэсний үүсвэр цухуйхыг соёололт гэнэ. Ургамлын үр хөөж томрох, соёолох үедээ дулаан ихээр шаарддаг. Энэ үед үрийн шимт тэжээлийн нөөц бодисын ихэнхи нь зарцуулагдана. Иймээс залуу ургамлыг шимт тэжээлийн бодисоор дутагдалтай байгаа үед нь дулааныг ихэсгэвэл амьсшалах явц түргэсч, тэжээлийн бодис улам ихээр зарцуулагдан сая соёолсон залуу ургамал сунаж туяхан болно.Үндэс үүсч газрын хөрстэй харилцах үед үрийн хөврөлийн хуйларсан навчинцар дээшээ сунаж хөрсний дээр гарч ирнэ. Цэцэг бүрийн цэцэглэх хугацаа адилгүй байдаг. Иймд төрөл бүрийн нэг наст цэцэгт ургамлыг үрээр шууд тарих, үрсэлгээгээр тарих гэсэн үндсэн хоёр арга байдаг.

Үрээр ил хөрсөнд тарих.
1. Хөрсийг 20-22 см гүн хагалж чулуу, хог ургамлын үндсийг нь цэвэрлээд, бордоог хольж усалж чийглэн тэгшилж тарих дэвсгийг бэлдэнэ. Ямар ч бордоог ашиглаж болно. Жишээ нь : бууц, сангас, үнс, дэлгүүрээр зарагддаг биоялзмаг гэх мэт.
2. Үрийг тарихдаа эхлээд хагалж бэлдсэн талбайгаа тэгшлээд элдэв хэлбэр дүрс гаргахын тулд олс, эсвэл утсаар татаж гадаслана.
3. Үр суулгах хугацаа 5 сарын сүүлийн 10 хоногоос 6 сарын эхний 5 хоногын дотор байна.
4. Үрийг суулгахдаа үрийн том жижгээс шалтгаалан 1-1,5 см хүртэл шороогоор хучиж, сайн нягтруулан усална.
5. Үр тарьсан талбайг усалж өдөр бүр чийгийг нь үзэж байна.
6. Тарьсан хугацаа, сортын нэр, үрийн танилцуулгыг бичиж аваад түүнийгээ дараа жил харьцуулан ашиглана.
7. Хэрэв шөнө дулааны хэм 5-аас доош буух буюу цочир хүйтрэхээр байвал хөрсийг хучиж хамгаалалт хийнэ.
8. Хөрс дулаан байвал үр хурдан, жигд соёолно.
Энэ бүхэн нь хөрсөнд шууд тарих аргаар суулгасан үрийн ургалтанд таатай нөхцлийг бүрдүүлж цэцгийн үзэмж сайжирч, хэмжээ томорч, тод өнгөтэй өсөж бутжих нь түргэсэхийн зэрэгцээ цэцэгтэйгээ удаан байдаг байна.

Үрсэлгээ ургуулах.
Шилжүүлэн суулгах зорилгоор бойжуулсан бүтээгдэхүүнт эрхтэн үүсээгүй залуу ургамлыг үрслэг гэнэ.Үрсэлгээг тодорхой хугацаанд хүлэмж, дарлага, өрөө тасалгаанд бойжуулна. Чимэглэлийн ихэнхи нэг наст цэцэг нь үрсэлгээр дамжиж ургадаг бөгөөд эдгээрийг жижиг үртэй учраас ингэж тарих ажлыг аль болох эрт 2-р сарын сүүлийн 7 хоног буюу 3-р сарын эхний 7 хоногоос явуулах нь тохиромжтой байдаг. Цэцгийн үрийг модон хайрцаг, ваар, хуванцар, ер нь ямар ч саванд суулгаж болдог.
1. Саванд хар шороо, элс 6:4 харьцаатай хийж тэгшлээд усална. Ус шингэсний дараа үрээ тарина.
2. Жижиг үрийг элстэй хольж дээрээс нь зөөлөн дарж , том үрийг бол шигтгэж шороо эсвэл элсээр далд ортол нь хучина.
3.Үрийн соёололтыг түргэсгэж, хөрсний чийгийг хадгалах зорилгоор дээрээс нь шил буюу хүнсний цаасаар таглан ваакуумдаж өгнө.
4. Үрийн ургах дулаан +18...+20 хэм байвал түргэн соёолдог. Соёололт жигдэрснээс хойш байрны дулааныг +2..+5 хэмээр буулгана. Үрслэгийн 3 дахь навч гарснаас хойш суналт багатай, шилбэ нь бүдүүн, сайн чанарын үрслэг бойжуулахын тулд 5х5, 7х7 см зайтайгаар өөр хайрцаг саванд шилшүүлэн суулгана.Үрслэг ургуулахдаа чийг дулаан, орон зайг нь тохируулж өгвөл сунахгүй ургана.

Арчилгаа.
Үр суулгаж дууссанаас хойш талбайгаа байнга цэвэрлэж, үрслэг бойжих хугацаанд усалгаа хийх, хөрс сийрүүлэх, бордох ажлыг тогтмол хийж улмаар 6-р сарын сүүлээр задгай талбай, мандал, тагтанд гаргаж суулгана. Үрийн 2 дахь жинхэнэ навч гарсны дараа, үрслэгийг ил талбайд гаргаснаас хойш 2 долоо хоногт эрдэс бордоогоор бордох ба ийм нэмэлт бордоог 2 долоо хоног тутамд нэг удаа хийж бордоно. Үрслэгийг өдөр бүр услахгүй. Ус ихэдвэл үрслэг сунаж , сунасан үрслэг ил талбайд гараад амьдарч чадахгүй.

Ловил - Лобелия эринус - Lobelia erinus

     Өмнөд Америкаас гаралтай. 10-15 см өндөр ургадаг, нэг наст чимэглэлийн цэцэг. Иш нь нарийхан. Наранд ээвэр, чийглэг хөрсөнд ургахдаа сайн. Хөх, ягаан, цагаан зэрэг олон өнгийн цэцэгтэй. Үрийг дулаан байранд 3-р сарын эхээр үрслүүлэхэд 7-10 хоногийн дараа соёололт эхэлж, жинхнэ навч гарангуут багц багцаар нь шилжүүлж суулгана. Нэг ширхэг үрслэг нь утас мэт нарийхан, туяхан байдаг тул бөөнөөр багцалж тарина.
      4-р сарын сүүлчээр гадны нөхцөлд дасгаж, 6 дугаар сарын эхний 10 хоногт ил талбай, цэцгийн мандалд суулгана. Энэ цэцгийг ногоон байгууламжинд зүлгэн дээр толбо үүсгэх, бөөнөөр багцалж ургадаг тул хана туурга чимэглэх зориулалтаар тарина. Намар орой болтол цэцэглэдэг тул хавтгай саванд суулгаж тагтанд тарихад тохиромжтой цэцэг юм.

Хумсан цэцэг \эмийн\ - Календула лекарственная - Calendula officinalis

Хумсан цэцэг нь төв ба зүүн Европ болон Газар дундын тэнгисийн нутагт нэлээд өргөн тархацтай ургадаг. Монгол оронд энэ төрлийн зэрлэг зүйл ургадаггүй, зөвхөн эмийн хумсан цэцгийг эмийн болон чимэглэлийн зориулалтаар тарималжуулан ашигладаг. 60 см өндөр ургадаг нэг наст ургамал. Навч нь өндөг хэлбэрийн цуваа байрлалтай,ишний доод хэсгийн навч бариултай, дээд хэсгийн навч богино, юлдэн хэлбэртэй, суумал, бүтэн ирмэгтэй, үндэс орчмын навч 10-13 см урт, 2,5 см өргөн.


      Найлзуурын дээр ганцаар байрласан 4 см голч бүхий сагс хэлбэрийн цэцэгтэй. Хүйтэнд тэсвэртэй. Үр нь хадуур хэлбэрийн дээгүүрээ олон тооны хитэгтэй, цайвар шаргал өнгөтэй, голлосон үндэстэй ургамал.
Хумсан цэцгийн ургалтын хугацаа 112-130 хоног үргэлжилдэг. Ццэцэглэлтийн үень долоодугаар сарын хоёрдугаар арав хоногоос есдүгээр сарыг дуустал явагдана. Цэцгийн илтсээр бэлтгэсэн тос нь шархны үрэвслийг анагаах чадвартай. Эмийн хумсанцэцгийн дэлбээнээс шар, навчнаас ногоон будаг гарган авч бялууны сүүн крем будах бүрэн боломжтой. Эмийн, чимэглэлийн ач холбогдолтой. 1 м.кв талбайд 40-50 ширхэг үрслэг тарина. Хотын ногоон байгууламжид ашиглахад тохиромжтой. Үрсэлгээ хийхгүйгээр үрийг гадаа мандалд 5-р сарын эхний долоо хоногт шууд суулгана.

Бүлтэн - Рудбекия волосистая - Rudbeckia hirta

Хойт Америкаас гаралтай, 60-80 см өндөр ургадаг олон наст өвслөг ургамал. Бага зэрэг салаалдаг шулуун иштэй, ишний оройд цэцэг ганцаар байрлана. 10-16 см голчтой. Наранд ээвэр газар сайн ургана. Хэлэрхүү цэцэг нь шар захтай, хүрэн өнгийн цэцэгтэй. Хоолойрхуу цэцэг нь хар хүрэн өнгөтэй. Нэг бутанд 30 хүртэл багцэцэг үүсдэг. 1м.кв талбайд 30 ширхэг үрслэг тарина. 5-р сарын гуравдугаар 10 хоногоос цухуйц эхэлж, 6-р сарын сүүлчээс 8-р сарын сүүлч хүртэл цэцэглэнэ. 9-р сарын эхээр үр нь боловсорч дунджаар 100 хоног ургаад хагдарна.

Өвчин хортонд нэрвэгддэггүй, хүйтэнд тэсвэр муутай учраас намар хучиж дулаална. Тарималжуулахад 10 балл буюу ирээдүйтэй нутагших тарималын үнэлгээг авч энэ нөхцөлд зохицон ургаж байна. хот суурингийн ногоон байгууламжинд ашиглахад тохиромжтой чимэглэлийн ургамал юм.

Үр нь маш жижиг учраас үрсэлгээгээ эрт хийх хэрэгтэй юм байна лээ. Оройтуулбал хүйтэнд тэсвэр муутай учраас цэцэглэж амжихгүйгээр намрын хүйтрэлд өртөх магадлалтай .

 

Бэлэг ирсэээн......

Уг нь шинэ жилийн өмнө ирсэн юм л даа. Тэгээд оруулах гэсэн амжихгүй явсаар байгаад , сая л оруулж байна. Шинэ жилийн өмнөхөн Усны хувилгаан маань ийм олон гоё цэцэгийн үрнүүд явуулсан байна. Мөн албан газарт минь бэлэг явуулсан байна лээ. Ихэнх нь миний тарьж ургуулж байгаагүй ховор цэцгийн үрнүүд байсан учир маш их баярласан. Хурдан үрсэлгээгээ хийх гэж яарч байгаа учир өдөртөө л гаргаж үздэг ажилтай байна даа. Маш гоё цэцгүүдээ ургуулчихаад Усны хувилгаандаа зургийг нь явуулнаа. Баярлалаа. чамдаа.

 

Begonia "Cleopatra" - Клеопатра Хайтан.

Олонхи хайтан сайхан цэцэгтэй боловч, навч нь тэднээс дутахгүйгээр тасалгааг чимдэг. хайтангуудын гадаад бүтэц хэдийгээр өөр өөр ч хийх арчилгаа ерөнхийдөө адилавтар. Их чийгтэй биш хөрс, нарны шууд биш гэрэлд хялбархан ургуулна.

ДУЛААН: Өвөлдөө 15С-аас доошгүй.
ГЭРЭЛ: Нарны шууд, хурц гэрлээс хол байлгах. Өвөлдөө өглөө оройны аль нэгэнд нартай газарт хэдэн цаг байлгах хэрэгтэй.
УС: хавраас намарт хөрсний гадаргууг хатаалгүй усална. Хөрсийг хатааж болохгүй. Өвөлдөө усалгааг багасгана.
АГААРЫН ЧИЙГ: Агаарын харьцангуй чийг их чухал. Шороонд нь хүлэр хольж өгнө. Навчийг хэрхэвч шүршиж болохгүй.
ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ХУГАЦАА: Жил болгон хавар. Сав нь жижигдвэл навч нь шарладаг.
ҮРЖҮҮЛЭХ АРГА: Навчны шилбэ амархан үндэслэдэг. Мөн ургамлыг хуваан суулгаж болдог.

Удвал маань цэцэглээд л..

Удвалууд маань цэцэглээд л байна. харахаас энхрий хөөрхөн цэцэг шүү.

Гундаахай ингэж цэцэглэдэг бололтой.

Тогосон сүүл - Калатея - Calathea

 Тогосон сүүл цэцэг. Навч нь маш гоё гялганасан тод ногоон өнгөтэй. Орой болохоор бүх навч нь эгц дээшээ босчихдог учраас залбирдаг цэцэг ч гэж нэрлэдэг гэсэн.

Бразилийн тропикийн чийглэг ойгоос гаралтай. 130 гаруй зүйлтэй. Навч нь шулуун урт иштэй. Навчны дээд судлууд өргөн тод ногоон өнгөтэй. Навчны доод тал нь улаан хүрэн, цайвар ягаан, хар ногоон, цагаан, хүрэндүү зэрэг тогосны сүүл шиг олон өнгийн судалтай, гоёмсог хээтэй, навчныхаа дундуур шар судалтай. Тогосон сүүл нь навчаараа гоёдог ургамал юм.
Өндөр, нарийхан иштэй зууван хэлбэрийн навчнууд нь 30 см хүртэл өндөр ургадаг. Түүний нимгэн, туяхан навчин дээрх тод хээ нь тогосны сүүлийг санагдуулдаг. Шинэ навч гарахдаа хуйларсан байдаг. Чийглэг агаарыг ихээр шаардана.Хавар 3-5 навчтай үндэслэг найлзуурыг хувааж үржүүлнэ. Намхан саванд ургуулна. Хүчиллэг сэвсгэр хөрсөнд сайн ургана.Хурц биш гэрэл тохиромжтой. Хурц наранд навчны өнгө бүдгэрдэг.
Тогосон сүүл нь чийгсэг ургамал бөгөөд шүршиж байх хэрэгтэй. Хэрэв навч нь шар эсвэл хүрэн өнгөтэй бол, агаар хэт хуурай байгааг илтгэнэ. Өвөл агаарын чийгшлийг дор хаяж 60 хувь байлгах хэрэгтэй.
Хөрс: Хүлэр, хөвд агуулсан хөрс
Бордоо: Ургамлын бордоогоор хаврын дунд сараас намар хүртэл сард нэг удаа бордоно. Өвөл бордохгүй.
Үржүүлэх: Үндсийг хувааж үржүүлнэ.

Алаг цэцэгтэй болсоон.

Би алаг цэцэгтэй болох гээд их удсаан, нээх ч эрэл сурал болоогүй л дээ. Гэхдээ л хөөрхөн жижгхэн улаан голтой цагаан цэцэгтэй алаг цэцэгтэй болох юмсан гэж бодоод л их удсан л даа. Тэгтэл дүүгийнд маань байжээ, түүнээс нь мөчир аваад усанд үрслүүлэх гээд хийчихсэн чинь ийм шалдан хөгийн юм болчихсон хэрнээ жаахан жаахан үндэс цухуйчихсан байхаар нь ингээд суулгачихан.

Өнөөх маань ийм хөөрхөн ургаж байгаа шүү. Удахгүй цэцэглэх нь ээ.

Хөөрхөн үрсэлгээний савнууд бэлдчихлээ.

Тун удахгүй цэцэгчид, ногоочдын маань үрсэлгээний ажил эхэлнэ дээ. Ингээд одооноос л бэлтгэл ажил явагдаад байна. Дүү нарынхаа уусан тарагны савыг сайхан цэвэрлээд ингээд авчихлаа. Ёроолыг нь чүдэнзээр жаахан жаахан нүх гаргаад л хөөрхөн цэцгийн үрсэлгээний савнууд бэлэн боллоо.

Ингээд дээрх үрсэлгээний савныхаа ид шидийг үзэхээр энэ цэцгийн үрийг суулгалаа.. Орос худалдааны төвөөс авсан хаваршил цэцгийнхээ үрийг суулгалаа. 4 ширхэг үрнээс нэг нь ургаагүй, 3 нь л өндийсөн.

Энэ хоёр нь 7 хоногийн дараа л ийм болчихоод байна.

Нэг нь арай цухуйж амжаагүй л байна.

Ингээд хөөрхөн үрсэлгээний савнуудынхаа шидийг үзчихлээ. Та нар ч бас уусан тарагныхаа болон өөр ашиглаж болох ийм савнуудаар үрсэлгээний сав хийж болох нь байна шүү.

БАНЖИГЧДАА ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН БЭЛГИЙГ МИНЬ ХҮЛЭЭН АВААРАЙ.

Мөнх ногоон гацуур шигээ урт насалж
Мөндөрлөн буух цасан ширхэг шигээ өнгөлөг байж
Мөч тутамд бүхий хотлоороо инээд баяслаар цалгиж
Мөрөөдлөө биелүүлэн шинэ оноо сайхан угтаарай.

Тэсэрч цацрах ёслолын буудлага шигээ цовоо цолгиун
Тэнгэрээс гялтганан буух цасан ширхэг шигээ гэгээлэг
Тэнхээ мэдэн буудах оргилуун дарс шигээ эрч хүчтэй
Танхимд өлгөөтэй бөмбөлгүүд шигээ өнгө тансаг байж
Тасхийм хүйтнийг ч үл ажран шинэ оноо сайхан угтаарай.

Шиваантудвал-хризантема-Chrysanthemum

Латин нэр- Chrysanthemum
Орос нэр - хризантема
Монгол нэр - Шиваантудвал

 

Эрж хайж сүйд болж байж олж авсан жижиг цэцэгтэй шиваантудвал. Цагаан цэцэгтэй, одоо цэцэглэж эхэлж байна. Цэцгийг нь харах гээд л их яяарч байгаа.

Энэ дээрх жижиг цэцэгтэй шиваантудвалаас навч нь хамаагүй том юм байна лээ. Хүнээс бутаар салгаж авсан. Бүтэн нэг жил бүр цэцэглээгүй гэсэн. Цэцэглүүлэх гэж үзнэ дээ.

Шиваантудвал цэцгийн нэрийг грек хэлнээс орчуулбал "Алтан цэцэг" буюу " Алтан голт цэцэг" гэсэн утгатай. Хятад японоос гаралтай. Дэлхий дахинаа 200 гаруй төрлийн нэг наст болон олон наст удвал цэцгийг тарьж ургуулдаг.Энэ цэцгийн шинэ шинэ сортууд бий болсоор байна. тэдгээрийг дотор нь том цэцэг бүхий энэтхэг сортууд, жижиг цэцэгт солонгос сортууд гэж ангилж болно.
Задгай талбайд ургуулдаг солонгос сортыг анх 1928 онд гаргаж авсан. Р.Камминг гэгч америк хүн солонгосоос авч ирсэн шинэ төрлийг таримал шиваантудвалтай эрлийзжүүлснээр арай жижиг цэцэгтэй боловч хүйтэнд тэсвэртэй, хүйт унатал цэцэглэдэг, арчилгаа бага шаарддаг хэрнээ маш гоёмсог ургамал бий болсон. 7-р сараас эхлэн цас унатал цэцэглэх агаад, заримдаа алаглах цэцэгсийн цаанаас ногоон навчис нь үл харагдана.
Тасалгааны төрлүүд нь үрслүүлсний дараа зөв арчилбал 9-12 долоо хоногийн дараанаас цэцэглэж эхэлдэг.
Навч нь мөчир дээрээ дэс дараалж тогтсон, цэцэг нь цагаан, ягаан , алтан шаргал, улаан зэрэг олон өнгөтэй. Гэрэлсэг. Өсөлт гүйцсэн ургамал 3-р сард тайралт хийж , шинэ залуу мөчрийг тайран авч, бууц элстэй хайрцганд 2-3 см-ийн гүн суулгаж шилээр бүтээхэд 18-20 хоногт үндэслэнэ. Хөрс " хөх бууц, навчит, хар шороон хөрс /1:1:1:0,5/. Шувууны сангасаар бордоход өсөлтөнд сайнаар нөлөөлнө. Эсвэл уусмал байдалтай эрдэс бордоогоор бордоно. Байнгын чийгийг шаардана. Шүрсэж байна. Шиваантудвал нь сэрүүн газар ургах дуртай. Намар болохоор цэцэглэдэг нь ийм учиртай гэнэ. +18С-д сайн ургадаг, үүнээс халуун дулаан орчинд цэцэгний бундуу хатах, навч шарлах,цэцэглэсэн цэцэг удахгүй унах зэрэг үзэгдэл ажиглагдана.Хаврын хүйтэн шөнө дуусахлээр гэрт өвөлжсөн шиваантудвалыг гадаа тагт, эсвэл цэцэрлэгт гаргаж болно.  
Тасалгааны шиваантудвал тэжээллэг, сийрэг хөвсгөр хөрсөнд илүү сайн ургадаг. Үндэслэсэн үрсэлгээ болон залуу цэцгийг долоо хоног бүр борддог. Том цэцэг ч гэсэн идэвхитэй ургалтын үед болон цэцэглэлтийн үед тогтмол бордож байх хэрэгтэй. Хөрс байнгын чийглэг байх ёстой. Хөрс хатах нь аюултай. Усалгааг хэтрүүлж болохгүй.
Хэрэв шиваантудвал дээр маш олон цэцэгний бундуу үүссэн бол хурдан цэцэглүүлэхийн тулд зарим бундууг авч хаях хэрэгтэй. Энэ арга нь хурдан цэцэглүүлэхээс гадна гарах цэцэгний хэмжээг ч томсгодог.
Хризантемыг үрээр суулгахад сортынхоо шинж чанарыг хадгалдаггүй тул бут хуваах, үндсээр хуваах, мөчир, ишээр үрслүүлдэг.Шиваантудвалыг бут хувааж үржүүлэхийн тулд хөрснөөс ухаж гаргаад, бутыг хуваасны дараа шууд буцаагаад салгаж суулгана. Эсвэл намар амралтын үед оруулах цэцгийг тайрдаг. Энэ тайралтаас гарсан мөчрийг шууд үндэслүүлж болно.
Шиваантудвалыг удаан цэцэглүүлэхийн тулд нарны шууд тусгалаас хамгаалсан маш их гэрэлтэй газар байрлуулна. Гэрэл дутвал дэлгэрээгүй бундуу унадаг. Хэт халуун орчинд +20-+25º С хэмээс дээш бол цэцэг маш хурдан дэлгэрч үхдэг, цэцэглэх хугацаа маш богинохон байдаг. Сэрүүн газар гэрэл их гаргаж өгвөл 2 сар цэцэглэдэг.
 Цэцэглэх үед нь сайн услаж байхгүй бол доод навч унадаг. Үржүүлэхдээ цэцэг эхлэн ургуулагчид мөчрөөр үндэслүүлснээс, бутаар салгаж авсан нь хамаагүй хялбар.

Энд тэнд байснаа, жаахан эмхэллээ.

Хэдэн цэцэгнүүд минь хөлөөр нэг хөглөрөөд л, гэр дүүрэн л юм болсон. Тэгээд бүгдийг нь гэр оронтой болгон жаахан тохижуулж өглөөшд. Өвөл болохоос өмнө.

 

Гэгээнсарандаа баярлалаа, Жааханаадаа захья.

Эрснээ олсон шүү. банжигчдаа. Баяр хүргээрэй  ч...  Өмнөх бичлэгтээ урдуур тэнэж яваад их гоё цэцэгний зурагтай ирснээ дуулгаж байсан. тэгтэл ГЭГЭЭН САРАН маань нэрийг нь хэлж өгч туслав. Тэгээд л удвалцэцэг гээд нэрээр нь хайгааад байсан чинь жижиг цэцэгтэй удвалцэцэгийн жижигхэн үрсэлгээ олж авлаа. Бөөн баяр. Надад тусласан дүүмэдхэн ГЭГЭЭН САРАН даха мааааш их баярлалаа. Одоо тэгээд алтан загасны эмгэн шиг том цэцэгтэй төрлийг нь олмоор санагдаад нойр хүрдэггүй ээ. одоо ЖААХАНАА дүүдээ захинаа. Аниагийн дүүүүү - энэ цэцгийг хризантема гэдэг гэнээ. Монголоор бол удвалцэцэг гэнэ. Үр эсвэл үрсэлгээг нь олж өгч туслаарай .  Тэгээд холбогдоорой.

Энэ миний хайж орлсон жижиг цэцэгтэй удвалцэцэг. Үрсэлгээ , арай цэцэглээгүй л байна. Ажлынхаа өрөөнд тавьчихаад байгаа юмаа. Өдөржингөө харж байх гээд....

(Нийт: 72)